- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

"Шүүхийн цахим лавлагааны систем"-ыг танилцуулах-сургалт явагдлаа

"Шүүхийн цахим лавлагааны систем"-ыг танилцуулах-сургалт явагдлаа

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад “Шүүхийн цахим лавлагааны систем”-ийн талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Мэдээллийн технологийн инженер Э.Лхагва-Очир нар тус шүүхийн Тамгын газрын байранд өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүрэлцэн ирж танилцуулга-сургалт зохион байгууллаа.

Уг танилцуулга-сургалтаар дээрх системийг шүүхүүдэд хэрхэн нэвтрүүлэх, ямар ач холбогдолтой систем болох талаарх мэдээллүүдийг тус Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад өгч, харилцан санал бодлоо солилцов.

Дээрх системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, хэрэгт нотлох баримтаар ашиглах боломж бүрдэх юм. Мөн Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг шүүхэд нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээдийн баримт бичиг, хаяг, байршил болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, нийгмийн даатгал, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах боломжтой болох ажээ.

 

“Хур систем”-ийн талаар тодруулбал: Энэхүү систем нь төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжин хүрэх үйлчилгээ юм. Уг систем нь мэдээллийг хоёр төрийн байгууллага хооронд шууд солилцдог, мэдээллийн санг хуулбарлаж, шинэчлэх байдлаар үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагуудын үйлчилгээний уламжлалт шийдлийг бүрэн халж, мэдээллийг илүү уян хатан шийдэлтэйгээр шуурхай, аюулгүй, найдвартай харилцан солилцуулах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа билээ.

Тус систем нь иргэдийн зүгээс төрийн байгууллага болон бусад үйлчилгээний байгууллагуудаас үйлчилгээ авахад шаардаглагатай лавлагаа, тодорхойлолтуудыг бүрдүүлэхэд учирдаг хүндрэлүүдийг бүрэн арилгахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэхүү “Шүүхийн цахим лавлагааны систем” хэрэгжсэнээр иргэд, олон нийтийн зүгээс богино хугацаанд шүүхээр эрх ашгаа хамгаалуулах, зарим нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагагүй болох ач холбогдолтой.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухайн шүүхэд цахим лавлагаа, мэдээллийг хариуцан ажиллах ажилтны орон тооны асуудлыг шийдвэрлэх, шүүгч бүрийн тоон гарын үсгийг авах, Улсын Бүртгэлийн Ерөнхий газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 100 цахим лавлагаа, хуулбар авдаг болох, Төрийн мэдээлэл солилцооны гэрээг нөхөн байгуулах шаардлага бий болж байгаа юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.