- НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
x

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

 

 

 Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хэргийн материалыг төвлөрүүлэн хүлээн авч архив арга зүйн дагуу хадгалж, ашиглуулах чиг үүрэг бүхий Эрүүгийн хэргийн төв архив  Улсын Ерөнхий прокурорын газрын зохион байгуулалтын бүтцэд  багтан үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

2002 онд Улсын Их хурлаас батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулинд  тусгаж, 2004 онд Хууль зүйн яам, дотоод хэргийн сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын  хамтарсан захирамж, тушаалаар "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар" батлагдсанаар Эрүүгийн хэргийн төв болон салбар архивын үйл ажиллагаа нэг мөр болж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Улсын Ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төрөлжсөн төв архив, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэргийн салбар архив  ажиллаж байна.

Эрүүгийн хэргийн төрөлжсөн архивын үйл ажиллагааны чиг үүргийн  талаар иргэдэд ойлголт өгөх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч, ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Чимгээгээс тодруулж асуусан юм.

 

-Эрүүгийн төв архивын  үйл ажиллагааны чиглэл юу бэ, ямар баримтууд хадгалагдаж байна?

Эрүүгийн хэргийн төв архив нь Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэхээр хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн баримт, Улсын Ерөнхий прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал, тэдгээрийн албан хэрэг хөтлөлтийн баримт, аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн онц хүнд хэргүүд, нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хөнгөн, хүндэвтэр, хүнд төрлийн эрүүгийн хэрэг, албан хэрэг хөтлөлтийн баримтуудыг нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авч, тоо бүртгэлжүүлэн, архивжуулан хадгалах чиг үүрэгтэй. Архивын дээрх баримтуудаас хуулийн байгууллага, иргэд, өмгөөлөгчдын  хүсэлт, албан бичгийг үндэслэн  хуулбар, лавлагаа гаргаж өгдөг. Мөн прокурорын байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах  чиг үүрэгтэй.

 

-Иргэд, байгууллага, өмгөөлөгч нараас  голдуу ямар хүсэлт ирдэг вэ?

Манай архивд хадгалагдаж байгаа дээр дурдсан  эрүүгийн  хавтаст хэргээс шийтгэх, цагаатгах тогтоол, магадлал болон хяналтын шатны шүүх хурлын тогтоол, төлбөр төлсөн баримт, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх зэрэг баримтуудын хуулбар авах хүсэлтүүд их ирдэг. Ирсэн хүсэлтийг хүлээн аваад зааварт заасан хугацаа буюу 1-10 хоногт шийдвэрлэж хуулбарыг олгож байна.

 

-Үйлчилгээний төлбөрийн талаар?

Архивын тухай хуулийн 25.4-д зааснаар архиваас үзүүлэх үйлчилгээ нь төлбөртэй байдаг. Хуулийн байгууллагаас ирсэн албан бичгийн хүрээнд хэргийн шийдвэр болон хавтас хэргийн материалаас лавлагаа, хуулбар олгохдоо үнэ төлбөргүй, харин иргэд, өмгөөлөгчдийн хүсэлтээр хэргийн шийтгэх тогтоол, магадлал, хяналтын шатны тогтоол зэрэг эцсийн шийдвэрийн хуулбараас 2000 төгрөг, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх хуудасны лавлагаа, төлбөр төлсөн баримт гэх мэт нэг утга бүхий баримтаас 1000 төгрөгний төлбөр авч үйлчилдэг.

Эрүүгийн хэргээс хувь хүний хүсэлтээр лавлагаа хуулбар олгоход зөвхөн тухайн хүнд өөрт нь хамаарах баримтын хуулбар, лавлагааг л олгоно. Түүнээс өөрт нь хамааралгүй этгээдийн талаарх баримтын хуулбар лавлагааг  гаргаж өгөхгүй. Өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчтэй холбоотой баримтын лавлагаа хуулбарыг авах эрхтэй. Гэхдээ тухайн хүнтэй  хийсэн гэрээ, итгэмжлэл зэрэг бичиг баримтыг үндэслэн  холбогдох баримтыг зааварт заасны дагуу хуулбарлан олгож, лавлагаа гаргадаг. Хуулийн байгууллагууд албан бичигтээ  лавлагаа, хуулбар авах гэсэн үндэслэлээ бичсэн байх шаардлагатай.

 

-Архивт хадгалагдаж байгаа хэрэг, материалтай танилцах ажиллагааны талаар?

Хэрэг бүртгэгч, мөрдөгч  нар архивын баримттай танилцаж, үзлэг хийх тохиолдолд прокурорын зөвшөөрлийг заавал авч ирсний дагуу архивын баримтыг ашиглуулдаг. Харин иргэд, өмгөөлөгч, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу тухайн хүнд  холбогдолтой баримтыг танилцуулна.

 

 -УЕПГ-ын эрүүгийн хэргийн төв архивд эрүүгийн хэрэг, материалтай холбоотой  ямар баримт  хадгалагддаггүй вэ?

Цагдаагийн байгууллагууд шийтгэх тогтоолын хуулбараас гадна ялтны хувийн хэрэг, ял эдлээд суллагдсан талаарх захирамж зэрэг төв архивд хадгалагддаггүй баримтуудыг авах хүсэлт ирүүлээд байдаг. Ялтны хувийн хэрэг, суллагдсан талаарх зарим  ял эдэлж эхэлснээс хойших баримтууд нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт, Улсын Ерөнхий прокуророос бусад  прокурорын  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал зэрэг нь прокурорын байгууллагуудын эрүүгийн хэргийн салбар  архивуудад  хадгалагддаг тул тухайн газруудаас лавлагаа хуулбараа авна гэдгийг мэдэхгүйгээс манайд хандах тохиолдлууд байдаг  

 

-Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаас дурдахгүй юу?

Эрүүгийн хэргийн төв архив нь 1993-2017 онуудад дүүргүүдийн шүүхээр шийдвэрлэсэн  эрүүгийн хэргүүдийн анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоол болон 2002-2016 онуудын  давж заалдах шатны шүүхийн магадлалууд зэрэг нийт хадгалагдаж байгаа хэргүүдийн шийдвэрүүдээс 85 хувийг нь бүрэн цахим хэлбэрт шилжүүлж дууссан. Цахим хэлбэрт тогтоолуудыг оруулснаар хуулийн байгууллага, иргэд өмгөөлөгчдөд үзүүлэх үйлчилгээ хурдан шуурхай болж, хэргийн шийдвэр авах тухай албан бичгийг ажлын 1 өдөрт шийдвэрлэх боломжтой болж байна.

 

-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд шинэчлэн батлагдсан. Эдгээр хуулиудад нийцүүлэн архивын үйл ажиллагааны заавар, журамд өөрчлөлт орсон уу?

2017 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуулийн хүрээнд “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-т нэмэлт өөрчлөлт оруулахаар Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар бэлтгэлийг хангаад байна.Мөн шинэчлэн батлагдсан  хуультай холбогдуулан эрүүгийн хэргийн төв, салбар архивын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийн програм болох “PMMS-ARC”-ыг шинэчлэн хийж  байна. Цахим бүртгэлийн систем нь эрүүгийн хэргийн төв, салбар архивын үйл ажиллагааны цогц шийдлийг тусгасан програм болж байгаа.

Байгууллагын үйл ажиллагаанд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэл мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, хэрэгцээтэй мэдээллээ түргэн шуурхай олж авах, мэдээ, мэдээлэл, судалгааг шуурхай гаргах боломжийг бүрдүүлэх  юм.

Эх сурвалж: http://www.prokuror.mn/сайтаас.

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ХАЯГ:

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1 гудамж,

Улсын Ерөнхий Прокурорын газрын ард талд байрлаж байна.

ХОЛБОО БАРИХ УТАС-264453

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?