- Нийслэлийн шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
x

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА.

Нийслэлийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр боллоо.



 
Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон бусад байгууллагуудаас оролцож ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалаг Нийслэлийн шүүхийн түүхэн замналын талаар илтгэл тавьсан юм.
 
 
Тэртээ 1927 онд Улаанбаатар хотын шүүн таслах газрыг хотын захиргааны орон тоонд багтаан үүсгэн байгуулахаар шийдвэрлэснээр Улаанбаатар хотын буюу Нийслэлийн шүүхийн түүхэн замнал тоологдож эхэлсэн юм. Анх дарга, байцаагч түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой явган зарлага зэрэг 39 орон тоотой байгуулагдсан Нийслэлийн шүүх эдүгээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 15 шүүгчтэйгээр улсын хэмжээний давж заалдах журмаар хянагдсан нийт эрүүгийн хэрэг болон захиргааны зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 16 шүүгчтэйгээр улсын хэмжээний давж заалдах журмаар хянагдаж буй иргэний хэргийн 70 хүртэл хувийг болон хуулиар харьяалуулсан бусад гомдол бүхий маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж байна. Мөн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй шүүхийн тамгын газар нь нийт 60 гаруй орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
 
 
Баярын хурлын дараа Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концертоо өргөн барьлаа. Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан, ажиллаж байгаа нийт шүүгч, ажилтнууд, үе үеийн ахмадууддаа 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар