- Нийслэлийн шүүх үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
x

Шүүхийн товч танилцуулга

Шүүхийн товч танилцуулга

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Засгийн газраас баталсан "Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай” дүрмийн үзэл санааны дагуу Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн 1927 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас Улаанбаатар хотын шүүх таслах газрыг сонгож байгуулснаар одоогийн НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ-ийн үндэс суурь тавигджээ. Тус шүүх нь анх шүүхийн дарга, байцаагч, түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой, явган зарлага зэрэг 39 орон тоотой байгуулагдсанаас гадна ардын төлөөлөгч 12, зургаан орлогч төлөөлөгчдөөс бүрдэж байв. Улаанбаатар хотын шүүхийн анхны даргаар тухайн үед Хотын гүйцэтгэх захиргааны дарга байсан С.Батсүх сонгогдож, ардын төлөөлөгч Д.Гончигдулам, Г.Занабазар, нарийн бичгийн дарга Н.Жамсран нарын хамт Шүүх явдлын яамнаас "ХОТЫН ШҮҮХ ТАСЛАХ ГАЗРЫН ТАМГА” гэсэн үсэг бүхий анхны тамгыг гардан авч байв.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 7-р тогтоолоор Засан хүмүүжүүлэх байгууллагыг шүүхээс тусгаарлаж байгуулсны гадна 1931 онд орон н утгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан Шүүх явдлын яамны сайдын 1931 оны 1-р сарын 31-ний өдрийн 8-р тушаалаар Улаанбаатар хотын шүүхийг 1-р ангийн шүүх болгон Төв аймгийн шүүхэд харъяалуулсан байна.
Улаанбаатар хот жилээс жилд хүрээгээ тэлж томрон хөгжихийн зэрэгцээ шүүн таслах ажиллагааны хүрээ хэмжээ ч улам нэмэгдэж байсантай холбогдуулан иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулахад онцгой анхаарч БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1933 оны 1-р сарын 12-ны өдрийн тогтоолоор хороодын дарга нарын эрхийг өргөтгөж, жижиг хэрэг маргааныг захиргааны журмаар шийдвэрлэх болсон учир хороодын дарга нарт шүүхийн даргын үүргийг хавсарган гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж байсан ба Шүүх явдлын яамны сайдын 1934 оны 2-р сарын 27-ны өдрийн 13-р тушаалаар Улаанбаатар хотын 1-р ангийн шүүхийг "Улаанбаатар хотын шүүх” болгон Улсын дээд шүүхэд харъяалуулснаар тус шүүх нь хуулиар харъяалуулсан хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхээс гадна хороодын шүүхтэй харилцах талаараа давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эрх эдлэх болжээ.
1935 оны үед Улаанбаатар хотын шүүх нь дарга, орлогч дарга, прокурор, байцаагч түшмэл, тогтоол гүйцэтгэгч, хэлмэрч, зарлага зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан байна.
1940 оноос Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг шинэчлэн өөрчлөх замаар Ардын шүүхийн зохион байгуулалтын ололт амжилт, туршлагыг бататган, шүүхийн систем, шүүн таслах ажиллагааны ардчилсан зарчмууд болон шүүхийг зохих шатны хурлуудаас сонгож байгуулах журмыг хуульчлан баталгаажуулсны үр дүнд шүүн таслах ажиллагааг зөвхөн мэргэжлийн шүүн таслах газрууд эрхлэн гүйцэтгэх болжээ. 1943 оноос хороодын дарга нарыг шүүн таслах үүргээс чөлөөлж, 1945 оны дунд үеэс Улаанбаатар хотод Ардын хэсгийн шүүхүүдийг шинээр зохион байгуулжээ.
1965 онд Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан Ардын хэсгийн шүүхүүдийг "Районы ардын шүүх” болгон өөрчилсөн ба шүүхийн зохион байгуулалтыг улам бэхжүүлэхтэй холбогдуулан 1978 онд батлан гаргасан "БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”д шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилго чиглэлийг нарийвчлан тодорхойлов.
"БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”-д зааснаар БНМАУ-д бүх шүүхүүдийг сонгуулиар байгуулах болсны үндсэн дээр Улаанбаатар хотын шүүхийг Хотын ардын депутатуудын хурлаас 3 жилийн хугацаагаар сонгож дарга, орлогч дарга, шүүхийн гишүүн, ардын төлөөлөгчдөөс, районы ардын шүүх нь шүүхийн дарга, шүүгч, ардын төлөөлөгчдөөс тус тус бүрдэж, районы ардын шүүхийн дарга нь хотын шүүхийн гишүүний эрхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байв.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, шүүх эрх мэдлийн шинэ тогтолцооны үзэл санааны дагуу Монгол Улсын Их Хурлаас баталсан 1993 оны 6-р сарын 14-ний өдрийн "Шүүх байгуулах тухай хууль”-иар Улаанбаатар хотын шүүхийг "Нийслэлийн шүүх” хэмээн нэрлэж, түүний харъяанд 8 дүүргийн шүүх /Багануур-Багахангай, Баянгол, Баянзүрх-Гачуурт, Налайх, Сонгинохайрхан-Жаргалант, Сүхбаатар, Хан-Уул-Туул, Чингэлтэй/-ийг тамгын хэлтэстэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7-р сарын 8-ны өдрийн хуулиар Баянзүрх-Гачуурт, Сонгинохайрхан-Жаргалант, Хан-Уул-Туул гэсэн гурван дүүргийн шүүхийн нэрийг өөрчилж Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүх, 2005 оны 12-р сарын 29-ний өдрийн хуулиар Багануур-Багахангай дүүргийн шүүхийг Багануур, Налайх дүүргийн шүүхийг Багахангай-Налайх дүүргийн шүүх гэж нэрлэхээр тогтоожээ.
Шүүхийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Их хурлаас баталсан 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүх байгуулах тухай хууль”-иар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон байгуулагдсан.
Монгол Улсын "Шүүх байгуулах тухай” 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон байгуулагдан шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 14 шүүгч, тамгын газрын 40 гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчидтайгаар улсын хэмжээний эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны 50 гаруй хувийг дангаар хянан шийдвэрлэдэг шүүх юм.
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?